Хими эмчилгээ

Хими эмчилгээ

Хорт хавдрын хими цогц эмчилгээг хувь бүрт тохирсон нөхцлөөр, туршлагатай эмч нарын хяналтанд хийдэг. Эмчилгээний төлөвлөгөө, явц, үр дүнг мэс заслын тасаг, дүрс оношилгооны тасгийн эмч нартай хамтран хянаж, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хими эмчилгээ гэж юу вэ?

Хорт хавдрын эсийг устгах, өсөлтийг зогсоох зорилгоор эм, тариа хэрэглэдэг системийн эмчилгээ юм. Бид хорт хавдрыг нэг болон олон эмийн хослолоор, эмчилгээний бусад аргуудтай хавсран хийж байна. Хими эмчилгээний төрлүүд:

  • Төгс хими эмчилгээ
  • Мэс заслын өмнөх болон дараах хими эмчилгээ
  • Хөнгөвчлөх хими эмчилгээ

Ямар тохиолдолд хими эмчилгээ хийгддэг вэ?

Багажийн болон эдийн шинжилгээгээр хорт хавдар илэрч, оношлогдсон тохиолдолд тухайн хавдрын үе шатаас хамааран, эмчийн заалтаар, эмчийн хяналтан доор хийгдэнэ.


Хими эмчилгээ хийхийн ач холбогдол:

  • Хорт хавдрын дахилт, үсэрхийллээс сэргийлэх
  • Эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх, зовуурь шаналгааг багасах
  • Мэс заслын өмнө хими эмчилгээ хийснээр мэс заслын цар хүрээ багасах

Хими эмчилгээний үед илрэх сөрөг нөлөөллүүд:

Ядарч, сульдах нь хорт хавдрын эмчилгээний үед үүсдэг нийтлэг шинж тэмдэг юм. Доорх шалтгааны улмаас ядарч, сульддаг байна.

  • Хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүйгээс бие махбодь хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй болох
  • Хангалттай унтаж амрахгүй байх
  • Сэтгэл түгшил, сэтгэл гутрал, стресс
  • Өвдөлт
  • Цус багадалт

Эмчилгээний үед ядрахаас урьдчилан сэргийлэх аргууд:

  • Хөнгөн дасгал хөдөлгөөн, иог, амьсгалын дасгал, бясалгал хийх
  • Боломжтой бол ажлаасаа чөлөө авах, богино цагаар ажиллах
  • Гэрийн ажлыг гэр бүлийн гишүүд хамтран хийх
  • Сэтгэлзүйчийн зөвлөгөө авах
  • Шөнө 8 цагаас дээш хугацаагаар унтах
  • Үдээс хойш, оройн цагаар согтууруулах ундаа, тамхи, кофе, шоколад хэрэглэхгүй байх
  • Тогтмол нэг цагт орондоо орох
  • Унтахаас 1 цагийн өмнө зурагт, гар утас хэрэглэхгүй байх оронд нь намуухан хөгжим сонсох
  • Унтахаас өмнө бүлээн сүү уух, банана идэх