Дүрс оношилгоо

Дүрс оношилгоо

Дүрс оношлогооны тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан өвчнийг зөв оношлох, зөв эмчилгээ төлөвлөхөд чиглүүлэх зорилготойгоор олон улсад мэргэшсэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэйгөөр үйлчилгээг үзүүлж байна.

PET-CT шинжилгээ гэж юу вэ?

PET-CT шинжилгээ нь Позитрон Эмиссион Томографи болон Компьютерт Томографийг хослуулсан хүний биеийн бодисын солилцооны нарийн мэдээллээр хангадаг багажийн шинжилгээний өндөр технологи юм.

Яагаад PET-CT хийдэг вэ?

Хорт хавдар, зарим төрлийн зүрхний болон мэдрэлийн эмгэг, халдвар зэрэг янз бүрийн нөхцөл байдлыг илрүүлэх, үнэлэх зорилгоор PET-CT шинжилгээг хийдэг. Олон улсад PET-CT шинжилгээний хэрэглээний 85-90 хувь нь хорт хавдрын эмчилгээний тактикт хэрэглэгдэж байна.

Хэрхэн PET-CT шинжилгээ хийгддэг вэ?

Төлөвлөгөөт журмаар урьдчилан цаг авч ерөнхий эмчид үзүүлж тохиромжтой хугацааг тохирно. Шинжилгээний өдөр эмнэлэгт ирж амин үзүүлэлтээ үзүүлээд хүн тус бүрт мэргэжлийн физикчийн тооцоолсон тунгаар цацраг идэвхт бодис тариулж амрах өрөөнд амрана. Үүний дараа бүртгэгч аппаратанд орж шинжилгээ хийгдэнэ.

PET-CT шинжилгээ хэр удаан үргэлжлэх вэ?

Дунджаар 2-3 цагийг зарцуулах бөгөөд үүнээс 30-60 минутыг л шинжилгээнд зарцуулна.

PET-CT аюулгүй юу?

PET-CT нь хамгийн бага эрсдэлтэй бөгөөд ихэнх өвчтөнд үзүүлэх үр ашиг нь эрсдэлээс илүү байдаг.

PET-CT шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

Шинжилгээний өмнөх өдөр тайван амрах, шинжилгээнээс 6-8 цагийн өмнө хоол сойх /чихэр идэхгүй, бохь зажилахгүй байх зэрэг/, зарим төрлийн эмийн бодисыг шинжилгээний өмнө хэрэглэхээс татгалзана. (Шинжилгээ төлөвлөгөөт журмаар ордог бөгөөд ерөнхий эмч үйлчлүүлэгч тус бүрийн онцлогоос хамаарч хэрхэн шинжилгээнд бэлдэх зааварчилгааг өгдөг).

PET-CT шинжилгээний явцад өвдөлт мэдрэгдэх үү?

Шинжилгээний аппарат нь өөрөө өвдөлтгүй байдаг ч зарим өвчтөнд удаан хугацаагаар хэвтэснээс болж таагүй мэдрэмж төрөх боломжтой.

PET-CT шинжилгээний дараа яах вэ?

Үйлчлүүлэгч шинжилгээний дараа өдөр тутмын ажилдаа орох боломжтой боловч шинжилгээнд хэрэглэгдсэн бодисын ялгаралыг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний шингэн уухыг зөвлөнө.

PET-CT шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

Шинжилгээний хариу шинжилгээнд орсон хугацаанаас хойш ажлын өдрийн 72 цагийн дотор гарна.

Эрүүл мэндийн тодорхой нөхцөлтэй бол PET-CT шинжилгээнд хамрагдаж болох уу?

Таны эмч таны өвчний түүхийг үнэлж, PET-CT шинжилгээ нь танд тохиромжтой эсэхийг тодорхойлох болно.

MRI шинжилгээ гэж юу вэ?

MRI /Magnetic Resonance Imaging/ буюу Соронзон Резонанс Томограф шинжилгээ нь хүчтэй соронзон орон, радио долгионыг ашиглан хүний биеийн дотоод бүтцийн нарийвчилсан зургийг гаргадаг, өвдөлтгүй шинжилгээний арга юм.

MRI шинжилгээг яагаад хийдэг вэ?

MRI шинжилгээ нь зөөлөн эдийн оношлогоонд бусад шинжилгээтэй харьцуулахад илүү мэдрэг бөгөөд тархи, нуруу нугас, үе мөч, зөөлөн эд, бага аарцгийн эрхтнүүд болон элэг, цөсний замын олон төрлийн өвчнийг оношлох, хянах зорилгоор хийгддэг.

MRI шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?

Шинжилгээ хийх үед өвчтөн тусгай зориулалтын орон дээр хэвтэж, хүнийн биеийн эрхтэн системийн дүрслэлийн мэдээллийг цуглуулдаг туслах хэрэгсэл болох койлуудаар дамжуулан радио долгионоор биеийн хөндлөн огтлолын нарийвчилсан зургийг бүртгэх байдлаар зураг авагддаг.

MRI шинжилгээний үеэр юуг анхаарах ёстой вэ?

Шинжилгээ хийгдэж байх хугацаанд үйлчлүүлэгч хөдөлгөөнгүй хэвтэх ёстой бөгөөд энэ нь зургийн чанарт шууд нөлөөлдөг. Шинжилгээний үргэлжлэх хугацаа нь хөдөлгөөнөөс хамаараад өөр байх ба дунджаар 20–30 мин үргэлжилдэг.

MRI шинжилгээ аюултай юу?

MRI шинжилгээ нь цацраг идэвхит бодис ашигладаггүй тул аюулгүй гэж үздэг. Биедээ аливаа метал суулгацтай хүний хувьд тус шинжилгээнд орох боломжгүй ба энэ талаараа заавал урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Хүчтэй соронзон орон бий болгодог тул шинжилгээнд орохоос өмнө биедээ зүүсэн метал хэрэгслүүдийг тайлах шаардлагатай.

MRI шинжилгээ хийхэд таагүй мэдрэмж төрөх үү?

MRI шинжилгээ өөрөө өвдөлт, зовиургүй шинжилгээ боловч зарим тохиолдолд клаустрофоби буюу орон зайн айдас мэдрэх, мөн удаан хөдөлгөөнгүй хэвтэх нь бага зэрэг таагүй мэдрэмж төрүүлж болно.

Шинжилгээний дараа юу анхаарах вэ?

Шинжилгээний дараагаар шууд хүн өдөр тутмын хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

Шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

Нарийн мэргэжлийн эмч өвчний түүхтэй танилцаж, уг шинжилгээнд орох шаардлагатай эсэхийг үнэлсний дагуу шинжилгээнд хамрагдах боломжтой.