Дуран

Дурангийн тасаг

Ходоод, улаан хоолойн дуранг ямар үед хийдэг вэ?

Ходоод, улаан хоолойн уян дуран нь хоол боловсруулах дээд замын аливаа эмгэгийг илрүүлж оношлох, ходоод улаан хоолойн хавдрыг эрт үед оношлох, эмчлэх зорилгоор хийгддэг өндөр ач холбогдолтой шинжилгээний арга юм. Хэрвээ та 30-аас дээш настай, хоол боловсруулах замын ямар нэгэн зовиур илэрсэн, гэр бүлд хоол боловсруулах замын хавдрын асуумжтай бол ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээнд 2 жил тутам хамрагдах шаардлагатай.


Бүдүүн гэдэсний дуранг ямар үед хийдэг вэ?

Бүдүүн гэдэсний дуранг хоол боловсруулах доод замын аливаа эмгэгийг илрүүлж оношлох, эмчилгээний зорилгоор хийгддэг шинжилгээний арга юм. Хэрэв та 45-аас дээш насны урьд өмнө нь шинжилгээнд хамрагдаж байгаагүй бол бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай.


Уушгины дуранг ямар үед хийдэг вэ?

Амьсгалын замын замын аливаа эмгэгийг илрүүлж оношлох, эмчлэх зэрэг зорилгоор эмчийн заалтаар хийгддэг шинжилгээний арга юм.


Дурангийн шинжилгээнд хамрагдах үед анхаарах зүйлс, өмнөх бэлтгэл

  • Дурангийн шинжилгээнд хамрагдахын өмнөх өдрийн 19 цагаас эхэлж хоол сойх
  • Дурангийн шинжилгээнд орохоор ирэхдээ өлөн байх
  • Дурангийн шинжилгээний өмнө өнгөтэй зүйлс уух, эм уух, тамхи татах зэргийг хориглох /эмийн бодисыг шаардлагатай тохиолдолд шинжилгээнээс 5-6 цагийн өмнө уух/
  • Бүдүүн гэдэсний шинжилгээнд орохын өмнөх өдөр бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэлийг зааврын дагуу уусан байх

Унтуулгын тухай

Дурангийн шинжилгээний үеийн таагүй мэдрэмж, шинжилгээнээс айх аюул, дурангийн ажилбарын үед тайвшруулах зорилгоор унтуулга, тайвшруулалттай дурангийн шинжилгээ хийгддэг. Энэхүү тайвшруулалт, унтуулгын үед хэрэглэх бэлдмэл нь богино хугацааны үйлдэлтэй, биеэс түргэн шимэгдэж ялгардаг. Хэрвээ та унтуулга, тайвшруулалттай дурангийн шинжилгээнд хамрагдах бол харгалзах хүнтэй хамт ирэх шаардлагатай.