Дэлхийн хамгийн анхны "AI" эмчтэй эмнэлэг байгуулжээ
Хятад улс хамгийн анхны хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан эмнэлэгтэй боллоо. Тодруулбал, “Agent Hospital” эмнэлэг нь 14 "AI" эмчтэй бөгөөд виртуал дөрвөн сувилагчтай. Тус эмнэлэгт хэдхэн өдрийн дотор 10 мянга гаруй өвчтөн үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авах боломжтой. Энгийн нэг эмч хоёр жилийн хугацаанд тухайн тооны өвчтөнийг эмчилдэг бол "AI" эмч нь хэдхэн өдрийн дотор эмчилнэ гэсэн үе юм. Тус эмнэлгийг Бээжингийн Цинхуа их сургуулийн технологийн мэргэжилтнүүд бүтээн байгуулжээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр өвчтөний хэрэгцээнд түргэн шуурхай хариу өгөх чадварыг нэмэгдүүлж, нэг дор олон хүнд туслах зорилготой аж.
Эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эмч, сувилагч нарын дарамт нэмэгдэж байгаа тул "AI" нь хүн эмч, сувилагч нарын ачааллыг хөнгөвчлөх болно. Үүний зэрэгцээ өвчтөнд түргэн шуурхай, үнэн зөв тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх аж. Энэхүү дэвшил нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн илүү үр ашигтай тогтолцоог бий болгож, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг илүү өргөн хүртээмжтэй болгож чадна гэж технологийн мэргэжилтнүүд үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILY NEWS